Өнгөрсөн амралтын өдөр Улсын хэмжээнд томоохонд тооцогдох ”Энх мэндийн харваа” шагайн харвааны тэмцээн Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Төв, Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий, Багануур, Налайх зэрэг аймаг, хотын 72 багийн 700-аад харваач цэц мэргэнээ сорьсноос Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт Адъяахүү ахлагчтай Дорноговь аймгийн баг, гуравдугаар байрт Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн баг болон Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн багууд удаалжээ. Энэ жилийн хувьд Дорноговь аймгийн харваачдын бэлтгэл жигдэрсэн, хараа хурц, оноо мэргэн байлаа. Жил жилийн тэмцээнүүд өөрийн гэсэн өнгө төрхтэй болдог бол энэ жилийн тэмцээний онцлог нь хамгийн их харваачид өрсөлдөж байгаа тэмцээн гэдгээс гадна харваачид насны хувьд жил ирэх тусам залуужиж байгаа нь уламжлалт энэ спорт цаашид улам хөгжих эерэг хандлагыг харуулж байна гэж шагайн харвааны хорхойтнууд дүгнэж байв.
