Төв аймаг 2017 онд хүрсэн ололт амжилтаа бататган, “Ажилтай, орлоготой иргэн” урианы жилийн ажлын бодлого, үйл ажиллагааны үргэлжлэл болгож, 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жил болгон зарлаж, нээлтээ хийлээ. “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жилд Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, өрх, иргэдийн хамтын ажиллагаанд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг 14000 хүргэн иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавиад байгаа юм. “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” урианы жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, 10. ЗГХЭГ-ын ахлах реферэнт П.Энхсайхан болон аймгийнхаа хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, зүтгэж явсан ахмад Хөдөлмөрийн баатрууд, 27 сумын удирдлагууд, иргэд оролцлоо.Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” урианы жилийн нээлтэнд хэлсэн үгэндээ:
Энэ онд баялаг бүтээгчдээ дэмжиж, иргэд, залуу үеэ хийж бүтээх их үйл хэрэгт уриалан дуудаж, сайн туршлага, шинэ санааг бодит ажил болгон түгээн дэлгэрүүлнэ.
• Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжинэ.
• Орон нутгийн хэрэгцээнд тохирсон бага, дунд хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээл, лизингээр олгох ажлыг зохион байгуулна.
• Аливаад санаачлагатай, амьдралынхаа чанарыг дээшлүүлэх хүсэлтэй, хөгжлийг дэмжигч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй иргэдийн өрхийн бизнесийг бодитой дэмжинэ.
• Орон нутгийн хэрэгцээг өөрийн аймгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах талаар 2017 онд хүрсэн түвшнээ ахиулж, тэдний борлуулалтын орлогыг нэмэгдүүлнэ.
• Худалдаа, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар үйлчилгээний таатай орчин бүрдүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн шинэ төрлийн үйлчилгээ бий болгоно.
• Үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулж, Улаанбаатар хотод Төв аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж, борлуулалт, зах зээлээ тэлнэ.
• Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, мэргэжил эзэмших бололцоог хангах замаар орон нутагт ажлын байр бий болгох сургалтууд зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллана.
Мөн урианы жилийн хүрээнд аймгийнхаа ирээдүйн хөгжлийг түргэтгэх, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх дараах томоохон төслүүдийг эхлүүлэхээр зорьж байна.
1. Аймгийн төсвийн шилжих үлдэгдлийн 30-аас доошгүй хувийг “Аймгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлэн, “ЖДҮ-27” төслийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдээ дэмжин урианы жилийн зорилтыг хангах нэг эх үүсвэр болгоно.
2. Хөгжлийн төвлөрөл, хот байгуулалтыг дэмжиж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 2 дахь 1000 айлын орон сууцны хорооллын төлөвлөлтийн ажлыг эхлүүлнэ.
3. Одоо баригдаж буй 1000 айлын орон сууцны үлдэж буй 360 айлын орон сууцыг барих, хүнсний үйлдвэрийн байрны орчмын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ “Түрээсийн орон сууц“ хөтөлбөр хэрэгжүүлнэ.
4. БСШУСЯ-тай хамтран “Шинжлэх ухаан- технологи– үйлдвэрлэлийн нэгдэл”-ийг хангасан шинжлэх ухааны парк байгуулах ажлын ТЭЗҮ, зураг, төсвийг боловсруулж, ажлыг эхлүүлнэ.
5. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай нөхцлийг хангаж Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хөнгөлөлттэй зээлээр баригдах Зуунмод дулааны станцын ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах ажлыг дуусгаж, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлнэ.
6. “Манзушир шашин, соёлын цогцолбор” байгуулах ажлыг БОАЖЯамтай хамтран эхлүүлнэ.
7. Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал ашиглалтад орж буйтай холбогдуулан Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг уялдуулан батлуулж, улсын тусгай хэрэгцээнд авсан 12000 га газрын газар зохион байгуулалт, эрхийн харилцаа үүсгэх ажлыг эхлүүлж, аймгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлнэ. Мөн тээвэр, ложистик, үйлчилгээний бусад салбар, нисэхийн үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд орон нутгийн эрх ашгийг хангана.
8. Баянжаргалан суманд 6600 мвт-ын цахилгаан станц түүнтэй уялдсан үйлдвэрлэлийн цогцолбор төслийг дэмжин эхлүүлнэ.
9. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэ хүнс САМО” ХХК-ий үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
10. Зуунмод сумын мах боловсруулах үйлдвэрийг түшиглэн, нийгмийн салбарын хэрэгцээт мах болон нөөцийн махыг хангаж, дотоодын хэрэгцээ хангахад шаардлагатай зоорийн аж ахуйг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлнэ.
11. “Говь”, “Гоёо” ХХК-ий ноолуур угаах үйлдвэр, ноолууран пиджакны үйлдвэр, “Могол ноос” компаний сурагчийн дүрэмт хувцас, ноосон пальтоны үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлэн, иргэдээ ажилтай болгох нөхцлийг бүрдүүлнэ хэмээн онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван гарах, өөрийн орон нутгийн онцлог, давуу талдаа тулгуурлан аймгийнхаа эдийн засгийн бүтцийг сайжруулан өсгөх, иргэдийнхээ хийж бүтээх хүсэл зоригийг бадрааж, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрал ахуйгаа өөд татах бүхий л боломж нөхцлийг дэмжин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 2017 оныг “Ажилтай, орлоготой иргэн” урианы жил болгон зарлаж байсан. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын гүйцэтгэл 94.5 хувьтай хэрэгжсэн юм. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгч өрх, иргэдийг Аймаг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг тусгай зориулалтын сангуудаас нийт 678 төсөлд 4161.4 сая төгрөгийн зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 740 ажлын байр, хувийн хөрөнгөөр 641 ажлын байр шинээр бий болгосон байна. Улсын болон орон нутгийн төсөв, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтээр 14.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 25 обьект шинээр барьж байгуулжээ. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажилласны дүнд 2017 онд орон нутгийн 10 аж ахуйн нэгж 33 ажлын тендерт шалгарч, 3665.7 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэн, 130 гаруй барилгачдыг ажлын байраар хангасан байна. 2017 оны статистик мэдээгээр Барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд 13,2 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь 2016 оноос 223,7%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
“ЖДҮ-27” төслийн хүрээнд Зуунмод суманд Хүлэмжийн үйлдвэр, Адууны дэл сүүл, эхэсийн үйлдвэр, Зайрмагны цех, Заамар суманд Пороро зайрмагны цех, Гутлын цех, Баянцогт суманд Файн чийз бяслагны үйлдвэр, Алтанбулаг суманд Мал нядалгааны цех, Лүн суманд тахианы аж ахуй зэрэг 30 орчим үйлдвэрийн эхлэл тавигдан, 20 үйлдвэр үүд хаалгаа нээж, ажил нь эхлээд байна. Үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжиж, тогтвортой ажиллагааг хангаснаар аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбар 109.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 255 хувь буюу 66,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Урианы жилийн хүрээнд мөнгөний гадагш урсгалыг зогсоож, өөрсдийн хэрэглээг аймгийн үйлдвэрлэгчдээсээ хангах бодлого барьж ажиллалаа. Энэ бодлогын хүрээнд аймгийн хэмжээний төсөвт байгууллагын хүнс болон зөөлөн эдлэл, модон эдлэлийн хэрэгцээг тодорхойлж малчид, үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулан ажилласнаар махны хэрэгцээг 100 хувь, сүүний хэрэгцээний 48, төмсний 69 хувь, хүнсний ногооны 51 хувийг тус тус хангасан байна. Түүнчлэн үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлэн жилд 5 удаа зохион байгуулахаар шийдвэрлэн, 2017 онд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт-2017”, “Алтан намар-2017”, “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд, мөн “УБ-Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, нийт 670,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь 2016 оноос зохион байгуулсан үзэсгэлэнгийн тоо 3 дахин, борлуулалт 3,6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн ажил идэвхтэй хайгч, ажилгүй 1006 иргэнийг ажилд зуучлан, зохион байгуулалттай бүлэг, бригад байгуулан идэвхжүүлж, ямаа самнах, хонь ноослох, төл бойжуулах, малын хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх, тариа ногоо тарих, хураах, самар, жимс түүх зэрэг улирлын чанартай түр ажлын байраар 13307 хүнийг хангаж, өрхийн орлогыг 4.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд эдгээр олон талт арга хэмжээ зохион байгуулж ажилласны дүнд шинээр байнгын ажлын байр 1381, мал аж ахуй, газар тариалан, барилга, уул уурхайн салбарт улирлын чанартай ажлуудад 13307 түр ажлын байр бий болгож, ажлын байр нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн зорилтоо 104 хувиар биелүүлж, аймгийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 2 пунктээр ахиулжээ.