Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод сонирхолтой болгож, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилгоор “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг 21 аймаг 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Тус болзолт уралдаанд манай аймаг ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан идэвх санаачлагатай оролцож байгаа. “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн төлөөллүүд манай аймагт ажиллаж 27 сумын ЗДТГ-ын дарга, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон Олимпийн тэнхмийн зөвлөлийн арга зүйч нарт цахим сургалт зохион байгууллав. Мөн манай аймгаас болзолт уралдааны хүрээнд “Олимпийн медальтнуудын бахархал” аянг зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ. “Олимпийн медальтнуудын бахархал” аяны нээлтэд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Ч.Сарангэрэл, Олимпийн хүрэл медальт, Ардын багш, Улсын харцага Д.Сэрээтэр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Манай аймгийн хувьд олимпийн анхны медалийг Дархан аварга Ж.Мөнхбат эх орондоо авчирч байсан мөн олимпиос цогц медаль /алт, мөнгө, хүрэл/ хүртсэн ганц аймаг юм. “Олимпийн медальтнуудын бахархал” аяны хүрээнд 27 сумаа бүсчлэн олимпийн алт, мөнгө, хүрэл медалиа 31 сургууль, бүх нутгийн удирдлагын байгууллагуудаар аялуулах ажлыг өнөөдөр эхлүүлж Алтанбулаг, Баянчандмань, Зуунмод, Эрдэнэ сумдад хүлээлгэн өглөө. Олимпийн 3 медалиа 27 сумаар аялуулж дуусаад аймгийн музьейд Олимпийн булан нээж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн төлөөллүүд нээлтийн арга хэмжээний дараа Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” бага, дунд, ахлах болон 5 дугаар сургуулийн олимпийн тэнхимтэй танилцлаа.