Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн томуу, томуу төст өвчнийг таслан зогсоож, хүүхдийн амьсгалын замын хүнд халдвараас сэргийлэх, хүүхдийн өвчний цогц менежментийн дагуу бүрэн оношилж, анхан болон хоёрдогч шатлалын тусламж үзүүлэх ажлыг сайжруулан, эрүүл мэндийн байгууллагын тус өвчний дэгдэлтийн үед шуурхай арга хэмжээ авах бэлэн байдлыг хангуулах зорилгоор Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаар захирамжаар энэ сарын 24-ний өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 9 нэр төрлийн 19 ширхэг нийт 18 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хүлээлгэн өглөө.
Мөн аймгийн ЗДТГ–ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга С.Мөнхцэцэг нар 15 сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай кварцын гэрэл, шарлагын аппарат /УВЧ/ болон утлагын аппарат зэрэг 3 нэр төрлийн 13,8 сая төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Баруун-Зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхжаргал нарт хүлээлгэн өглөө.
Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн цүнхэнд байх зайлшгүй шаардлагатай 10 нэр төрлийн 493,500 төгрөгийн үнэ бүхий 750 ширхэг эм, хэрэгслийг өрхийн эмч нарт хүлээлгэн өгч, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн бөгөөд Засаг даргын нөөц сангаас нийт 32,4 сая төгрөгийн санхүүжилт гарган, эм, хэрэгсэл тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч шуурхай арга хэмжээ авах талаар чиглэл өгч ажиллалаа.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Хүүхдийн тасагт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр “Цаашид томуугийн дэгдэлтийг бууруулах ажлыг эрчимжүүлэхэд нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлтаас гадна иргэдийн оролцоо, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээ сайжруулж, бага насны хүүхдийнхээ асаргаа, сувилгаанд анхаарлаа хандуулах нь чухал” байгааг хэвтэн эмчлүүлж буй хүмүүст болон нийт иргэддээ хандан уриаллаа.