Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангана” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суурин дижитал рентген аппаратыг ашиглалтанд оруулж, нээлтээ хийлээ. Нэгдсэн эмнэлэгт өмнө нь ашиглагдаж байсан рентгений аппарат нь 1994 оны аппарат бөгөөд 24 жил орчим ашиглагдаж сүүлийн 7-8 жилийн өмнөөс чанарын шаардлага хангахгүй болсон.
Хуучин аппарат нь рентген зураг кассетэнд авч хоронд гараар угаадаг гар ажиллагаа ихтэй, авсан зураг нь чанарын шаардлага хангахгүйгээс болж онош буруу тавигдах, зарим эмгэг сүүдэр, хугарлыг оношлох боломжгүй зэрэг эрсдэл үүсэж ажиллахад их хүндрэл гарч байсан юм. Шинээр суурьлагдаж байгаа аппарат нь БНСУ-д үйлдвэрлэсэн GXR-68S загварын суурин дижитал рентген аппарат юм. Энэхүү аппарат нь ISO:9001 олон улсын стандартын чанарын шаардлага хангасан аппарат бөгөөд рентгенээр оношлох боломжтой бүхий л зургийг чанартай боловсруулдаг бөгөөд нэг хүний зургийг аваад, боловсруулахад 6 минут шаардагдах хүчин чадалтай юм. 2017 оны байдлаар тоног төхөөрөмж 60%-ийн хангалттай байгаа бөгөөд аймгийн Засаг дарга энэ жил 65%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн энэ үеэр Амбулатори тасгийн “Өдрийн эмчилгээний кабинет”-ийг аймгийн Засаг даргаас хөрөнгийг нь шийдэн засварлаж ашиглалтад орууллаа.