Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх үй ажиллагааны хүрээнд аж үйлдвэрийн тооллогыг зохион байгуулах ажлын талаар чиглэл өгөх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газраас санаачлан 21 аймаг 9 дүүргийн Засаг даргатай цахим хурал хийлээ. Хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Засаг дарга нар, аж үйлдвэрийн тооллого зохион байгуулах ажлын хэсэг, үйлдвэр эрхлэгч нарын төлөөлөл оролцлоо.
Уг хурлаар аймаг, нийслэлийн түвшинд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил хэрхэн хангасан талаар, үйлдвэрийн өнөөгийн байдал, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийх ажлын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ. Мөн үйлдвэр хөгжүүлэхэд улс, орон нутгийн түвшинд тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хөгжлийн бодлогуудад тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Аж үйлдвэрийн нэгдсэн тооллого нь улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ныг хүртэлх 3 сарын хугацаанд зохион байгуулагдах юм.
Манай аймгийн хувьд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг зохон байгуулаад байна. Үүнд:
-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрийн тооллогыг зохион байгуулах, цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, хянан баталгаажуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд боловсруулах салбарын үйлдвэрлэл эрхэлдэг 156 аж ахуй нэгж, иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд ажлын хэсгээс эдгээр аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулах зорилгоор үйл ажиллагааг 27 суманд тусгай удирдамжийн дагуу ажиллан, үйлдвэрийн үйл ажиллагааг газар дээр нь очиж тулган баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэх юм. Мөн үйлдвэрлэл эрхлэгч нарт “Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санд” хэрхэн бүртгүүлэх талаарх сургалтуудыг зохион байгуулахаар бэлтгэл хангаад байгаа юм. Үйлдвэрлэл эрхлэгч нарын хувьд энэхүү тооллого болон аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчилах замаар борлуулалтаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Худалдан авагч нарын хувьд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангагдаж, хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах.
Бодлого боловсруулагч нарын хувьд:
- Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж түүний үндсэн дээр гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох
- Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тооцоолон гаргаж, дүн шинжилгээ хийх, макро эдийн засгийн тооцоо боловсруулах
- Үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах чухал ач холбогдол юм.
Аж үйлдвэрийн мэдээллийн санд үйлдвэрлэл эрхлэгч нар www.indasty.mi.gov.mn сайтад хандан бүртгүүлэн мэдээллээ оруулж, баталгаажуулах юм.