ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Б.Азжаргал:Иргэдийн оролцоотой бага зардлаар их ажил амжууллаа

2017-12-27

-Танай сум энэ өвөлд хэр зэрэг бэлтгэв?
-Манай сум хуучнаар Дархан хот одоогийн засаг захиргааны хуваараар Дархан сум. Аймгийн нийт хүн ам, эдийн засгийн 85 орчим хувийг эзэлдэг Монгол Улсын хамгийн том сум гэж тооцогддог. Өвөлжилтийн бэлтгэлийг аль эрт хавраас бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Онцгой Байдлын Ерөнхий газар, аймгийн Засаг даргаас өгсөн албан даалгаврын удирдамжийг төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлсэн. Бид хамгийн түрүүнд эрчим хүчний байгууллагуудын бэлтгэл, орон сууцны байрууд, Сууц Өмчлөгчдийн холбоодын өвлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн өмчит байгууллагуудын бэлтгэлийг хангуулах ажлыг үе шаттай хийлээ. Үүнд инженерийн шугам сүлжээг солих, орон сууцны байруудын дээврийн засвар зэрэг олон ажлыг амжуулсан. Энэ нь мэдээж тусгай зориулалтын санхүүжилтээр санхүүждэг боловсролын байгууллагууд БСШУЯ-наас сахнхүүжилт авч ажлаа дуусгалаа. Хамгийн сүүлд л гэхэд МСҮТ-ийнхэн дулааныхаа засварын иж бүрнээр нь Японы “Өвсны үндэс” хөтөлбөрийн хүрээнд өөрсдөө хийж дуусгасан зэрэг нь манай өвлийн бэлтгэлийг хангах ажлын хамгийн томооохон чухал хэсэг юм.
 
-Танай сум чинь малчин болон мал бүхий иргэд олонтой сум. Сумын хөдөө аж ахуйн өвлийн бэлтгэл хэр зэрэг хангагдав?
 
-Манай сумын мал бүхий иргэд аймгийн мал бүхий иргэдийн 40 орчим хувийг эзэлдэг. Тэд маань Орхон, Хонгор, Шарын гол сумын нутагт байдаг. Бид эдгээр малчин айлуудынхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангуулахын тулд сумын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэр гаргаж өвс, тэжээл их хэмжээгээр бэлтгэж аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн. Сум өнгөрсөн жилээс эхлэж онцгой анхаарал тавьж эхэлсэн нэг ажил бол зөвхөн малдаа л зориулж бэлтгэл хангадаг байсныг тэр малыг маллаж байгаа малчиддаа зориулж энэ жил 200 өрхөд эрүүл мэндийн анхан шатны яаралтай тусламжийн үйлчилгээ, дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангалттай хийсэн гэж үзэж болно.
 
-Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт жилийн жилд л цас их унадаг. Зарим жилд хөдөөгийн зам даваа хаагдах тохиолдол цөөнгүй байдаг. Тийм үед яахийгаа төлөвлөсөн үү?

 
-Өвлийн ид хүйтнээр цас их орсон үед малчдад хүрэх зам, даваа хаагдах нь их байдаг даа. Өнгөрсөн сард орсон их цаснаар авто машинтай олон иргэн цасанд боогдож гэртээ харьж чадаагүй тохиолдол гарсан учраас бид авран туслах ажлыг зохион байгуулсан. Бидний төлөвлөж байснаас одоогийн байдлаар өвөлжилт өнтэй сайхан байна, ямар нэгэн эрсдэл гараагүй байгаад сэтгэл амар байна даа.
 
-Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Өнгөрч байгаа 2017 он танай сумын хувьд ямар он болж өнгөрч байна вэ?

 
-2017 оныг би хэд хэдэн зүйлээр онцолж хэлье. Тухайлбал ОНХС хамгийн бага төвлөрсөн он. Бид ОНХС-аас сумандаа 15 сая төгрөг л төлөвлөсөн. Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн Агентлагаас ОНХС-гийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг шалгаруулсан. Уг шалгаруулалтаар 2016 оны ажлаараа манайх улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн. Энэ ажлын хүрээнд бид 353 сая төгрөгийг тус агентлагаас урамшуулал хэлбэрээр авч нийтдээ 360 гаруй сая төгрөгөөр ОНХС-гийн хөрөнгө болгож иргэдийн гаргасан саналыг бодит ажил болгож ажилласан. Энэ 360 гаруй сая төгрөгийг юу ч үлдээлгүй бүгдийг нь орон нутагт төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгэж чадлаа. Тухайлбал сумынхаа 18 баг тус бүрт орон сууцны хороололд дунджаар 10-15, гэр хороололд 15-30 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Энэ бүх төлөвлөсөн ажлууд маань зуун хувь хийгдэж дууссан.
 
-Тухайлбал ямар ямар ажил хийж амжуулсан бэ? Заримаас нь тодруулж ярьж өгөөч?
 
-Бид энэ бага хөрөнгөтэй үедээ хамгийн бага зардлаар сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог хангаж ажиллаа. Орцоо зассан, орцны хаалгаа кодтой болгоё зэргээр иргэдийн хамтын ажиллагаагаар дээрх ажлуудыг хийсэн онцлогтой. Энд нэг жишээ хэлье. Тухайлбал 40 мкв талбайтай авто зогсоолыг урьд өмнө нь стандарт төлөвлөгөө нормоор бол 30-35 сая төгрөгөөр гүйцэтгэдэг. Тэгвэл бид үүнийг энэ жил 10 сая төгрөгт багтааж хийсэн. Энэ нь иргэдээ дайчилж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн хариуцлагыг нь үүрүүлэх зэрэг олон талын хамтын ажиллагааны үр дүнд бага зардлаар их ажлыг хийсээн. Бид авто машины зогсоолуудыг Өргөө, 10, 8 дугаар баг, орон сууцны инженерийн шугам сүлжээний засварыг 10, 13 дугаар багуудад хийсэн бол гэр хорооллын 7, 6, 1, 3 дугаар багуудад хамгийн их тулгамддаг хорооллын доторх сайжхруулсан шороон зам тавих ажлуудыг хийсэн зэрэг олон ажлыг нэрлэж болох юм. Тухайн багт нь хамгийн их тулгамдсан ажлуудыг энэ жил бид хийж чадсан. Малчин багийн нутаг Уужим булагт суурьшсан айлуудад хэрэгцээний яг шаардлага хангасан ундны усгүй газар байсан учраас гүний худгийг байгуулж өглөө. Мөн аймгийн хөрөнгө оруулалт болон аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд хийгдэж дууссан бол эдгээр ажлын 90 орчим хувь нь Дархан суманд хийгдсэн. Тухайлбал анх 2013 онд намайг Дархан сумын Засаг дарга болох үед гэр хорооллын замуудыг хэсэгчлэн хатуу хучилттай болгох заримд нь шинээр зам тавина гэж зорилт дэвшүүлж танилцуулж байсан бол уг ажлыг энэ онд бодит ажил болгож хэрэгжүүллээ. Үүнд Хараагийн гүүрээс төмөр замын гарц хүртэлж зам бүрэн дууслаа. Түүнчлэн гуравдугаар багт гурван жилийн өмнө тавьж байсан 2.7 км замын эхний ээлжийг хатуу хучилттай болгох ажил эхэлсэн. Гэр хорооллын 6, 7, 8 дугаар багийн олон жил шороон замаараа байсан замын эхний ээлж болох нэг км зам хатуу хучилттай боллоо. Ингэж авто замын ажил хийгдсэнээр гэр хороолол руу нийтийн тээвэр явдаг болж түүнийг дагаад гэрэлтүүлэг тавигдсанаар орой үдэш гардаг гэмт хэргийн тоо буурсан, ингэж алслагдсан гэр хороололд зам, гэрэлтэй болсноор нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд асар их ач холбогдолтой болсон.
 
-Таны ярианаас өнгөрч байгаа онд танай сум бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар  дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн гэж ойлголоо. Төрийн чбайгууллагуудын өмнөх зорилт яаж биелэв?
 
-Бид 2017 оныг багийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд иргэд төрийн үйлчилгээг хамгийн түрүүнд авдаг байгууллагуудынхаа чадавхийг сайжруулахын зэрэгцээ багийн Өрхийн эмнэлэг, Цагдаагийн төвд ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын байрны нөхцлийг сайжруулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Манай сум таван өрхийн эмнэлэгтэй. Үүний хоёрт нь хөрөнгө оруулалт хийсэн. 15 дугаар багийн Өрхийн эмнэлэгт аймгийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгийг гаргаж өгсөнөөр тус багийн иргэд хотын төв рүү орж ирэхгүйгээр энэ төвдөө эрүүл мэндийн анхан шатны бүх үйлчилгээг авах боломжтой болсон. Саяхан энэ сар гараад Тосгоны гурван багийн “Түвшин холбоо” Өрхийн эмнэлэгт дуудлагын авто машиныг хүлээлгэж өглөө. Мөн ”Амгалан Дархан” хөтөлбөрийн хүрээнд 18 багт ажиллаж байгаа Цагдаагийн хэсгүүдийг энгэрийн камер, богино долгионы радио станц зэрэг тоног төхөөрөмжөөр хангасан.
 
-Энэ бүхнийг ОНХС-гийн хөрөнгөөр хийсэн үү? Өөр төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн үү?
 
-Бид 2017 онд сумын хөрөнгө оруулалт болон сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаас гадна нийгмийн шинжтэй бусад тоног төхөөрөмж, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсний нэг илрэл нь энэ юм. Өнгөрч байгаа онд ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, ажлын байртай иргэдийг ажлын байраа хадгалж үлдэх ажлыг сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Дархан сумаас зээл авсан бүх иргэдийн эргэн төлөлт 90 орчим хувьтай байна. Ирэх оны гуравдугаар сараас эхлээд сум хөгжүүлэх сангийн зээлийг үргэлжлүүлж олгоно. Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар манай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалт улсын хэмжээнд үр дүнгээрээ дээгүүр орсныг зарласан.
 
-Он гарах хаянд ирлээ. Ирэх онд ямар ямар зорилт дэвшүүлэв? Шинэ хөрөнгө оруулалт хэр зэрэг ирэх вэ? Ямар ямар гол ажлуудыг хийх вэ?

 
-Ирэх 2018 онд хийх ажлаа бид сая сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаараа хэлэлцэж төсвөө баталсан. Дархан суманд нийтдээ таван төрлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Ирэх оны хувьд УИХ-ын гишүүд маань өөрийн сонгогдсон тойргуудад хөрөнгө оруулалтыг их сайн татаж байгаа. Үүнд манай суманд “Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг”, “Төрөх тасаг” баригдах бол бидний олон жил хүсэн хүлээсэн “Спорт цогцолбор”-ын барилгын ажил үргэлжлүүлэн хийгдэнэ. Мөн гэр хорооллын авто замын сүлжээний ажил хийгдэх бол наймдугаар багийн нутаг дахь төмөр замын доогуур Тосгоны багууд руу нэвтрэх нүхэн гарцыг  шинээр барина. Сумын хөрөнгө оруулалтаар гэр хорооллын багуудад хийгдэх ажлыг тусгасан. Бид аймагтайгаа нягт хамтран ажиллаж байна. Аймаг нь аль ажлаа хийхэв, сум нь аль ажлаа хийх вэ гэдгээ тогтчихсан. Тухайлбал: ирэх онд “Тохилог хороолол”, хорооллын доторх авто зогсоол, Хогийн сав байрлуулах зэрэг олон ажлуудыг хийнэ.
 
-Ирэх онд танай суманд ОНХС-гийн хэмжээ нэмэгдсэн үү, хасагдсан уу? Мөн төрийн үйлчилгээний байгуулагуудад шинээр хөрөнгө оруулалт хийгдэх үү?
 
-Өнгөрсөн жилийн ОНХС-аар аймаг суманд ялгаагүй нэг чухал асуудлыг суулгаж чадсан маань Засаг даргын хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ гэж. Үүгээр дамжуулж бид сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар ажил байсан юм түүнийг урьд нь санхүүжүүлж чаддаггүй байсныг санхүүжүүлж байгаа. Тухайлбал: Өнгөрсөн онд бид 63 сая төгрөг байсан бол энэ жил  90 орчим сая төгрөгөөр хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2017 ондоо 21 дүгээр цэцэрлэгт нэг салбар бүлэг нээсэн бол ирэх онд 18 дугаар цэцэрлэгт бас нэг салбар бүлэг нээхээр ажиллаж байна. Эдгээр салбар бүлгүүдийн засварын ажлыг нь гүйцэтгэж байгаа. Цаашид тогтмол ажиллуулахыг нь аймгийн Боловсрол, Соёлын газрынхан хариуцаад явж байна. Энэ салбар бүлгүүдийг бид нийгмийн шинжтэй бусад ажилд хөрөнгө оруулалт хийж байгаа. Өнгөрсөн онд бид спорт холбоодын ажлыг дэмжиж ажилласан. Үндэсний бөхийн холбоонд сүүлийн 60 шахам жилд шинэчлэгдээгүй байсан дэвжээг нь сольж өгсөн. Чөлөөт бөхийн тамирчид маань ихээхэн амжилт гаргаж байгаа. Энэ жилийн “Бөрт чоно”-ын эзнээр манай Дархан сумын чөлөөт бөхийн тамирчин шалгарлаа. Н.Насанбуян маань дэлхийн залуучуудын аваргаас хүрэл медаль авч бас Ази тивийн аварга болсон.  Эдгээр тамирчдыг бэлтгэж амжилт гаргуулж байгаа спорт хорооны тоног төхөөрөмжүүдийг нь сайжруулах ажлуудыг хийж байна. Мөн Хөнгөн атлетикийн холбоонд таван сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулахад бэлэн болсон. Олон улсын тэмцээн уралдаанд шагналт байранд шалгарсан хүүхэд багачуудаа бид хүлээж авч Дархан хотын шилдгүүдээ шалгаруулахаар бэлтгэж байна. Энэ бүхэн нь төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Дархан суманд амжилттай хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгож болно. Өөр нэг чухал ажил бол аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тус хэлтэс өнгөрсөн онд л гэхэд тав орчим тэрбум төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт тусламж үзүүлсэн. Бид оны эцэст гэхэд 500 орчим иргэдийг хамруулсан түр ажлын байраар хангаж хотын доторх цас мөс, хог  цэвэрлүүлэх, зэрэг ажлыг хийхээр бэлтгэж байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%