2017 онд сурлага, урлаг, спортоор олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан 25 хүүхдийг ДАРХАН СУМЫН "ШИЛДЭГ ХҮҮХЭД"-ээр өргөмжлөв. Шилдэг хүүхдүүдэд мөнгөн шагнал, усан спорт сургалтын "Атланта" төвд нэг сар үнэгүй суралцах эрхийн бичиг, 2018 онд Залууучууд театрт тоглогдох хошин шогийн хамтлагуудын бүх тоглолтыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.
Мөн улс, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд тэргүүлсэн 22 хүүхдэд Дархан сумын Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ийг мөнгөн шагналын хамт гардуулсан юм. Шинэ оны босгон дээр шагнагдсан бүх хүүхдүүдэд Дархан сумын ЗДТГ-аас гарын бэлэг гардуулан өглөө. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сард Вьетнам Улсын Хо Ши Мин хотод зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах талбайн теннисний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох 4 тамирчны тэмцээний замын зардалд тус бүр 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ үеэр мөн аймгийн Биеийн тамир спортын газар болон Дархан сумын 4 дүгээр сургуулийн баг тамирчдад Дархан сумын ОНХС-ийн 4,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлтгэл сургуулилтаа хийх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Батбаяр, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон Дархан сумын 18 багийн Засаг дарга нар оролцлоо.