Дархан-Уул аймгийн ИТХ-ын Үндсэн чиглэл, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 56 дугаар тогтоолоор “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг батласан.
“Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймагт мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнуудын уулзалт 2017.11.30 ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтын үр дүнд мэдээлэл технологийн салбарын байгууллагуудын хамтарсан үйл ажиллагаа улам батжиж, аймаг орон нутаг цаашлаад улс, олон улсын хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон ажиллах нөөц боломж бүрдэх юм. Олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг ард иргэддээ цаг алдалгүй, найдвартайгаар хүргэхэд аймгийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд уулзалтын үеэр хэлж байлаа.