Австрали Улс, Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр аймгийн музейд нээлтээ хийв. Үзэсгэлэнг Австралийн Элчин сайдын яам, Австралийн Үндэсний музей, Дархан-Уул аймгийн музей хамтран зохион байгууллаа. Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг ХХ зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болно гэдгийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон хэлэв.
Тус үзэсгэлэн өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотод гарч байсан бөгөөд Дархан-Уул аймагт сарын турш үргэлжилнэ. Харин 2018 оны эхээр Орхон аймагт тус үзэсгэлэнг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөжээ. Түүнчлэн дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн арван жилийн хүүхдүүдийн дунд Австрали, Монголын харилцаа, хоёр орны түүх, зан заншил, соёлын талаар илүү ойлголт мэдлэгтэй болгох зорилгоор эсээ бичлэг, баримлын шавраар бүтээл хийх уралдааныг зарласан байна.