Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагууд, бодлогын хэлтэс агентлагийн дарга нартай цахим хурал зохион байгууллаа. Хурлын үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудад хандаж, манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.
Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.
Мөн Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цас орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн зун нийт нутгийн 70 гаруй хувь нь хүчтэй гантай байсан тул мал өвөлжилтөд хүндрэл учирч байна. Төв аймагт суурин мал аж ахуй буюу фермерийн аж ахуй хөгжсөн тул малын өвс тэжээл их хэмжээгээр нөөцлөх зайлшгүй шаардлага тулгарч буйг уламжиллаа. Мөн орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгөн дүнг бууруулсантай холбогдуулан улсдаа хамгийн олон буюу 27 сумтай манай аймгийн хувьд хүндрэл учирч байгааг хэллээ. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Цээл сумын сургуулийн барилгын ажил болон Угтаалцайдам сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлыг гүйцэтгэх төсөв хасагдсан байсан. Үүнийг улсын төсвийн тодотголоор дахин оруулж өгөхийг хүслээ.
