Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө хөдөлмөрлөж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэхээр энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг угтан энэ жил Монгол туургатан театрт соёл урлагийн 100 гаруй ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хурлын үеэр Бүрэн сумын номын санч н.Янжмаа, Монгол туургатан театрын дуучин Б.Дашпүрэв Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд яамны хүндэт жуух бичгээр жүжигчин Д.Цэрэнчимэд шагнуулж уран бүтээлийн онгодоо хөглөлөө. Мөн соёл урлагийн ажилтнуудад зориулж хүндэтгэлийн тоглолтыг Эрдэнэ сумын уран бүтээлчид зохион байгууллаа.