Төв аймгийн Лүн сумынхан энэ сарын 12-ний өдөр Хэлмэгдэгсэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр Лүн сумын уугуул Д.Төмөр-Очирын хөшөөнд цэцэг өргөн, Хэлмэгдэгсэдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас хилс хэрэгт өртөж хэлмэгдсэн иргэдийн үр ач нарт хүндэтгэл үзүүлэн хүлээж авсан байна.
Мөн “хэлмэгдүүлэлт” онол практикийн бага хурал ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдаж, Хурлын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдвээр, ЕБСургуулийн сурагч Г.Булганзаяа “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ?” сэдвээр, Д.Энхтүвшин хэлмэгдүүлэлтэнд өртөж явсан өвөг эцгийнхээ тухай тус тус илтгэл тавьж сурагчидтай яриа өрнүүллээ.
Хэлмэгдүүлэлтийн үеэр Лүн сумын 123 иргэн хэлмэгдүүлэлтэнд өртсөнөөс 96 иргэн цагаатгагдаж, үлдсэн иргэд материал дутуу, архивт лавлагаа байхгүй гэсэн шалтгаанаар цагаатгагдаж чадаагүй юм байна. Эдгээр цагаатгагдсан 96 иргэнээс 12 иргэнд төрөөс нөхөн олговор олгогдсон байна.