Япон улсын “Жайка” ОУБ-ын дэмжлэгтэйгээр Төв аймгийн Борнуур сумын нарт багаар дайран өнгөрөх Олон Улсын зам дагуу буюу Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд “Хүнсний ногооны шууд борлуулах цэг”-ийг байгууллаа. Тус борлуулалтын цэгийн нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 12-ны өдөр болсон бөгөөд нээлтэнд Япон улсын Обихиро хотын төлөөлөгч Макото Шинкава, Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, аймгийн ХХААГ-ын дарга Ц.Жамбалдорж мэргэжилтнүүдийн хамтаар болон тус барилгын ажлыг гүйцэтгэгч “Люкс Фүүд Хаус” ХХК-ны төлөөлөл, Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, ЗДТГ-ын албан хаагчид, сумын тариаланч ногоочид, иргэд сонирхогчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо.
Борлуулалтын цэгийг сурталчлах самбарыг төв зам дагуу байрлуулсан байгаа бөгөөд уг борлуулалтын цэгийг барьж байгуулахад 261 сая төгрөг зарцуулагдаж 30 өрхийн үйлдвэрлэгчдийн 20 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногоог борлуулж байна.
Борлуулалтын цэгт тариаланчдын танилцуулгыг байрлуулж иргэдэд сонголтоо зөв хийх боломжийг нээж өгсөн байсан төдийгүй сав баглаа боодол, хаяг, шошгыг хийж гүйцэтгэн зориулалтын савалгаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргаж хаяг, шошгонд тариаланчдын нэр тарималын төрөл, сорт, үнэ, кг, тариаланчийн өрхийн код зэргийг тусгаж өгсөнөөрөө илүү онцлог болсон байлаа. 

Төв замаар зорчиж байсан иргэд тус цэгээр үйлчлүүлэх нь элбэг байсан бөгөөд нээлтийн үеэр шинэ ногооны худалдаа хийсэн эхний 40 худалдан авагчдад төслийн багаас гарын бэлэг гардуулсан юм.
Энэхүү борлуулалтын цэг нь Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт гэх мэт хойшоо чиглэлийн бүхий л аймаг сумыг дайрч өнгөрдөг Олон Улсын зам дагуу баригдсанаас гадна хамгийн гол нь тариаланчдийн гар дээрээс ямар ч үнийн хөөрөгдөлгүй хямд үнэ, өргөн сонголттойгоор эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн авч байгаадаа иргэд сэтгэгдэл өндөртэй байлаа.

