Төв аймаг эдийн засгийн голлох салбар болсон хөдөө аж ахуй, түүний дотор газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд ургац арвин үр дүн, ололт амжилт дүүрэн жилүүд байсан. Энэ жилийн хувьд цаг агаарын давтагдашгүй хүчин зүйл нарны хэт халалттай, хур бороо багатай, гангийн эрсдэлтэй нөхцөл үүсч тариалангийн салбарт нилээдгүй гарз хохирол учирсан. Гэвч манай тариаланчид цаг тухай бүрт холбогдож арга хэмжээг авч чармайн ажилласаар бага ч гэлтгүй ургацаа алдалгүй хурааж авч байна. Ургац хураалтын ажил ид өрнөж байгаа энэ цагт Төв аймгийн тариалан эрхлэгчид Жаргалант суманд ургац хураалтын зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулж өнгөрүүллээ.
Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААГазрын дарга Б.Жамбалдорж, тариалангийн бүсийн сумдын Засаг дарга нар, газар тариалангийн мэргэжилтэнүүд, газар тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр гантай, намхан тариаг хэрхэн хаягдалгүй хурааж авах талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулж, газар тариаланд ногоон тэжээл рүү шилжсэн талбайг хураан авч малын тэжээлд шилжүүлэх цаашилбал энэ жил үрээ хэрхэн авч хадгалах хамгаалах, үрийн нөөцтэй болох зэрэг асуудлаас гадна мал бүхий иргэдийг тариан талбай руу оруулахгүй байх энэ жил байгаль цаг уурын нөлөөтэйгөөр ургац ихээр алдсан бол одоо технологийн хувьд алдагдал гаргаж хаягдал үүсгэхгүй байх талаар онцгойлон анхааралдаа авч ажиллахыг ярилцсан юм. Мөн энэ жил ургамлын болц үр тарианы болц эрт механик болцтой болсон. Харин төмсний болц 1 сараар оройтсон байна. Ийм учраас тэнгэр дулаан, ногоон масс их байвал 9 сарын 20-д хүргэж төмсөө хураах авхыг мэргэжлийн зүгээс зөвлөсөн юм. Тийм учраас төмс хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, хүн хүч техник хэрэгсэлийн бэлтгэлээ сайн хангах, цаг агаарын эрсдэлийг тооцох, хөдөлмөр аюулгүй байдалын дүрэм зааварчилгааг анхаарах шаардлагатайг санууллаа.
Энэ жил Төв аймгийн хувьд 17 сум хүчтэй гантай 7 сум гантай байсан тул тариалан бүхий сумдад илүү их нөлөөлж үр тарианыхаа 50-аад хувийг алдаад байна. Иймд аймаг орон нутгаас ургацын штабыг байгуулан тариаланч, ногоочдод учирсан хохиролыг хугацаа алдалгүй бодитой тогтоох, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх оновчтой хэлбэрийг олох, ургац хураалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг аймгийн удирдлагын зүгээс үүрэг болгосон юм. Үүнтэй холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн арилжааны банкин дахь зээлийг сунгах, цаашлаад тариалан эрхлэх сангуудад өгөх өр, шатахууны өглөгүүдийн хугацааг сунгах талаар яам болон холбогдох газрууд, МУ-ын Засгийн газарт зарим асуудлуудыг уламжлах, мөн хүн хүчний дутуу байгаа цэргийн албан хаагчдын өдрийн ажиллах хөлсийг бууруулах тал дээр тариаланчдийн санал гарч үүнийг аймгийн ЗД-ын тоотоор зохих байгууллагуудад нь уламжилж энэ жилийн уриншаас дараа жилийн ургац шууд шалтгаалдаг учраас уриншаа хийх талаар нилээд нарийвчилсан зүйлүүд ярьсан зөвлөгөөн болж өндөрлөлөө.
