2017 онд Төв аймгийн хэмжээнд 11,278 малчин өрхөд 4,7 сая толгой мал тоологдсон. Аймгийн нутаг дэвсгэрийн зуншлагын байдалд үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 17 сум маш хүчтэй гантай, 7 сум гантай, 3 сум гандуу зэрэглэлтэй ангилалд хамрагдаад байна.
2017 оны хавар, зунд бороо хур бага орсноос бэлчээрийн ургамлын ургац тачир, гарц муу, орон нутагтаа хадлан хадах бололцоо тааруу, гандах нөхцөл бүрдэн, аймгийн нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх бололцоогүй болж, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагад аймгийн Засаг даргын зүгээс хүсэлт тавьж, гэрээ байгуулан хадлан бэлтгэх ажил явагдаж байна.
Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу энэ онд аймгийн аюулгүйн нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл сумын аюулгүйн нөөцөд нөөцлөхөөр тогтоолд заагдаж, малчин өрхүүдэд цаг хүндэрсэн шаардлагатай үед өвс, тэжээлийн 3 хоногийн нөөц бүрдүүлэхээр аймгийн Засаг даргын А/434 дүгээр захирамж, төлөвлөгөө гарч аймгийн хэмжээнд 129,670,2 тн хадлан, 33,834 тн гар тэжээл бэлтгэх бөгөөд орон нутгийн нөөц боломжид тулгуурлан гар тэжээл бэлтгэх аяныг 8 сарын 28-аас 9 сарын 15-ны өдөр хүртэл зарлаж, хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Энэ талаар бид Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдуламаас тодруулга яриа авлаа.
Тэрээр: 2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, орон нутагтаа өвс тэжээл бэлтгэх бололцоо нөхцөл тааруу байгаа учраас энэ жил манай аймгийн Засаг дарга Сүхбаатар, Дорнод аймгуудтай гэрээ хийн ажиллаж байна. Тус аймгуудын нутаг дэвсгэрт манай аймгаас 70 гаруй хадлангийн салаа ажиллаж байна.
Үүний зэрэгцээ уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх аяныг аймгийн Засаг даргын 2017 оны 8 сарын 16-ны А/481 тоот захирамжаар бүх нийтийн аян болгон өрнүүлж байна. Аяны нээлтийг 8 сарын 28-ны өдөр сумдад хийж байна. Энэ жил аймгийн нутагт өвс тэжээл бэлтгэх боломжгүй байгаа учраас малчид, мал бүхий иргэддээ тусалъя, сэтгэлийн дэм үзүүлье гэсэн зорилготойгоор гар тэжээл бэлтгэх аяныг өрнүүлж байна. Энэ аян-д малчин мал бүхий иргэд 1 хонин толгойд 1кг, байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид тус бүр 5кг-аас доошгүй, сургуулийн ахлах ангийн хүүхэд бүр 3 кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэн сумдадаа хүргүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Тухайн бэлдсэн гар тэжээлээ аймгийн төвийн ажилчид албан хаагчид хамтран ажилладаг сумдадаа, харин иргэд аймгийн Хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгч малчдад туслах сан байгуулах юм.
Бид гар тэжээл хэрхэн бэлтгэх заавар, зөвлөмжийг боловсоруулж сумд аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна. Энэ жил аймгийн аюулгүй нөөцөд 360 тн өвс, 80 тн тэжээл бэлтгэж нөөцлөх ёстой юм. Энэ өвсөө бид Дорнод, Сүхбаатар сумдад ажиллаж буй аймгийнхаа хадланчдаас бэлтгэж нөөцлөе. Үүний тулд өвс тэжээл орон нутгаасаа бэлтгэх боломжгүй малчид, мал бүхий иргэд тэнд байгаа хадланчидаасаа хямдралтай үнээр худалдаж авах байдлаар малчид иргэд өөрсдөө нөөцлөе гэсэн зорилттой ажиллаж байгаа гэлээ.
Гар тэжээл бэлтгэх зөвлөмжийг энд –> zuvlumj-nom дарж авна уу.
