Төв аймгийн 2017-2018 оны Багш нарын бага хурал, сургалт семинар 8-р сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үеэр “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж сургалт семинарт 13 судлагдахуунаар 20 сургуулийн 260 багш, 28 сургуулийн захирал, 42 цэцэрлэгийн эрхлэгч, 44 сургалтын менежер, нийт 346 багш удирдах ажилтан оролцлоо.
Тус семинар нь бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйд суралцан, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Сургалтанд хамрагдсан багш нар бүрэн дунд боловсролын 11, 12–р ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйн чиглэлээр ойлголттой болж сургалт нилээдгүй үр дүнд хүрсэн юм.
Энэ оны Багш нарын бага хурлыг “Эрхзүйн шинэчлэл-Багшийн хөгжил” уриатайгаар зохион байгуулж тус хуралд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БСУШСЯамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Одгэрэл, БСУШСЯамны ЕБ-ын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга Ч.Цэцгээ болон БСУГ-ын мэргэжилтнүүд, сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, тэргүүний багш нар, ахмад багш нарын төлөөлөл гэсэн нийт 162 төлөөлөгчид оролцсон байна.
2017-2018 оны хичээлийн шинэ жил нь “Аймгийн Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “ Хүүхэд бүр цэцэрлэгт” “ Хөгжсөн багшаас – Чадварлаг сурагч” “Хүүхдийн хүмүүжил, төлөвшилийг сайжруулах хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” зэрэг дэд хөтөлбөрүүд батлагдан гарч хэрэгжсэнээр орон нутгийн боловсролын салбарын эрхзүйн шинэчлэл хийгдсэн жил эхэлж байгаагаараа онцлог байлаа.
Энэ үеэр жил бүр тухайн хичээлийн жилдээ амжилтаараа тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүд, ур чадвар, аргазүй, туршлагаараа манлайлсан мэргэжлийн тэргүүний багш нарыг шагнаж урамшууллаа.
Улсын олимпиадад сурагчид нь 1-3-р байр эзэлсэн багш нарыг Аймгийн Засаг даргын шагналаар шагнасан. Сурагчидаа улсад 1-р байр эзлүүлсэн багш нарыг 800.0 мянган төгрөг, 2-р байр 500,0 мянган төгрөг, 3-р байр 300.0 мянган төгрөгөөр тус тус урамшууллаа.
Мөн энэ хичээлийн жилийг угтан ЕБС-ийн бүтэн өнчин 47 хүүхдэд хичээлийн хэрэглэлээ авах зориулалттай тус бүр 100,0 мянган төгрөгийг Засаг даргын нөөцөөс гаргаж батламж гардууллаа. 
