“Нийгмийн эрүүл мэндийн өдөр” бий болгох тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 7 хоног бүрийн 3 дахь өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай шийдвэрийг нутгийн өөрөө удирдах байгууллага гаргаж, энэ өдөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийтийн биеийн тамираар хичээллэн эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, ухуулга сурталчилгааны ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэй аймгийн хэмжээнд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж энэ оны 04 сард батлагдан гарсан.
Захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс хойш 18 удаагийн нарны алхалтыг албан байгууллагууд зохион байгуулж 19 дэх удаагийн Нарны алхалтыг МХГ, СХЗХ хамтран зохион байгууллаа. 2017 оныг Эрүүл мэндийн яамнаас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бид бүхэн хүн амын эрүүл аж төрөх ёс, зөв дадал хэвшлийг эрхэмлэж, амьдралын эрүүл хэв маягийг сонгон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалан, дэмжлэг үзүүлэх үүднээс нийгмийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, хүн амын бие бялдар чийрэгжилтийг сайжруулах чиглэлээр шинээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, соёл амралтын хүрээлэнг тохижуулан иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж нөхцлөөр хангахын зэрэгцээ 26 сум, аймгийн төвийн хэмжээнд ашиглагдаж байгаа байгууллагуудын спорт заалыг 3 өдөр бүр иргэдэд нээлттэй байлгаж, сумын спортын гадаа талбайдыг “Нийтийн биеийн тамирын талбай” хэмээн нэрлэж хэвшсэн. Мөн байгууллага бүрийг дугуйн зогсоол байрлуулж, иргэд, албан хаагчдыг дугуй унахыг уриалж, залуучуудын дунд дугуй сонирхож, тогтмол дугуй унах хөдөлгөөн өрнөсөн байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар тайлан мэдээгээр иргэдийг эрүүл зан үйлд сургах сургалт, сурталчилгаанд давхардсан тоогоор 65185 хүнийг хамруулан, 47680 ш гарын авлага материал тараан, 120 удаа өдөрлөг, аян, тэмцээн уралдаан зохион байгуулж, орон нутгийн телевизээр 50 гаруй мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн байна. Нарны алхалтын үйл ажиллагаанд нийт давхардсан тоогоор 39 байгууллагын 4713 албан хаагчид оролцож, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэсэн байна.
Цаашид Нийгмийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаа, нарны алхалтын үйл ажиллагаа төдийгүй урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, иргэд олон нийтийг түлхүү татан оролцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал дасгал хөдөлгөөнөөс гадна эрүүл зохистой хооллолтын хэв маягийг хэргэн хэвшүүлэх, бага насны хүүхдийг томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чийрэгжүүлэлтийн арга хэмжээг цаг алдалгүй авч, өвчнөөс сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, заавал сурах 10 бүжгийг иргэд, албан хаагчдад таниулж, тогтмол хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, улирлын гаралтай харшил, орчны бохирдлоос сэргийлж, уламжлалт сүү цагаан идээг хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах зэрэг чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 9 сард спорт, нийтийн тамирыг сурталчлан, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох 7 хоногийн өдөрлөгийг Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.