Монголын биеийн тамир спортын холбоо, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газартай хамтран олон улсын гранд гольфийн тэмцээнийг Төв аймагт анх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Монгол, Япон, БНСУ, ОХУ, Канад, Испани, Энэтхэг, Польш гэсэн 8 орны тэр дундаа Дархан, Өвөрхангай, Архангай, Орхон, Замын-Үүд, Сэлэнгэ Төв болон, УБ хотын 6 дүүргийн 250 тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан юм.
Өргөн хүрээг хамарсан тус тэмцээн нь гранд гольфийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй уг спорт руу хандах иргэдийн хандлага нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.
Олон улсын гранд гольфийн тэмцээний гадаад тамирчдаас Тэргүүн байранд 41 цохилтоор эмэгтэйчүүдээс Япон улсын тамирчин Напияа Юуко, Дэд байрыг 40 цохилтоор ОХУ-аас Тибаракова, нар эзэлсэн бол эрэгтэйчүүдээс Тэргүүн байрыг 43 цохилтоор Испани улсын тамирчин Хигаро Рейко, Дэд байрыг Канад улсын тамирчин Р.Эрдэнэцэцэг нар тус тус эзэллээ. Харин Монгол тамирчдаас Тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Архангай аймгийн тамирчин Ө.Бямбадорж, эмэгтэйчүүдээс Тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн тамирчин Б.Мөнхгэрэл нар эзэлж шилдгүүдээр тодорчээ.