Улсын Онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны
өдрийн өгсөн үүрэг даалгаварын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг
дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлэгийн
анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах
тухай” тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд
Л.Бямбасүрэн, Эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Халдварт өвчин
судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гэмтэл согог судлалын
үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл
мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын
мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн
эмнэлэгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн
шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлэгийн дарга Ч.Гүрбазар нар
ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулах, газар дээрх байдалтай танилцахаар ажиллаж байгаа бөгөөд тус цэгт ашиглагдах 3 ш өвчтөний хяналтын монитор, эмнэлэгийн 2ш функциональ ор, хэт халалтаас үүсэх хордлого, тархины хавангийн үед ашиглах “мөсөн жин”-г бэлдэх 1ш ахуйн хэрэглээний хөлдөөгчийг хангахаар боллоо.
Одоогийн байдлаар тус цэгт Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Гэмтэл, Арьс, Мэс засал, Уламжлалтын их эмч, сувилагч нар ажиллаж байна. 3 хэсгийн 150 хүнд үзлэг, оношлогоо хийснээс 83 хүнд эмийн эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийж, хэсэг газрын шархны анхны цэгцлэлтийг газар дээр нь хийж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Нийт үзлэгт хамрагдсан
хүмүүсээс толгой өвдөх, ханиалгах, даралт ихсэх шинж тэмдэг дийлэнх
хувийг эзэлж байна. Одоогоор түлэгдэлт, осол гэмтэл, олныг хамарсан өвчлөл
гараагүй байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл ирүүлээд байна.