Төв аймгийн элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Зуунмод сумын Хүмүүн ахлах сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Аймгийн Засаг даргын 2017 оны 6 сарын 13-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар ажлын хэсэг томилогдож, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг ахалж ажилласан байна. Боловсролын үнэлгээний төвөөс манай аймагт томилогдсон Ч.Гажиддулам, Б.Батулга, аймгийн БСУГ, МХГ, ЦГ-ын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, зохион байгуулагчаар 6 сургуулийн удирдах ажилтан, хянагч багшаар нийт 44 багш ажиллалаа.
Аймгийн хэмжээнд 10 төрлийн хичээлээр 956 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс эхний өдрийн монгол хэл бичгийн шалгалтад 910, 6 сарын 15-ны өдрийн Англи хэлний шалгалтап 659, химийн хичээлээр 187, Монголын түүх хичээлээр 65, 17-ны өдөр математикийн хичээлээр 787, газарзүйн хичээлээр 46, биологийн хичээлээр 177, Монгол хэлний хичээлээр 534, 18-ны өдөр нийгмийн тухай мэдлэгийн шалгалтад 678, физикийн хичээлээр 419, Орос хэлний хичээлээр 31 шалгуулагчид орсон байна. Давхардсан тоогоор 4635 шалгуулагч шалгалт өгөхөөс 96.6% шалгалт өгчээ. Шалгалтандаа ирээгүй 159 /давхардсан тоогоор/, үүнд хоцорсон, бичиг баримт дутуу шалтгаанаар 6 шалгуулагч ороогүй байна.
ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах зорилгоор шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, англи хэл, монгол хэл, орос хэлний хичээлийг сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг сонсох төхөөрөмж зэргийг суурилуулсанаараа онцлогтой байв.