ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ДАРГА Т.ГАНЗОРИГИЙН "АЛТАЙН МЭДЭЭ" СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦАЛГА

2017-06-14

“Уулзах цаг” буландаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзоригийг урин оролцууллаа. Энэ сарын 5-ны өдөр болсон аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар гарсан тогтоол шийдвэр, хурлыг тойрсон бусад асуудлуудаар ярилцсан юм.


-Сайн байна уу. Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэн баталсан. Уг асуудлууд болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн оролцооны талаар ярилцлагаа эхэлье?
Алтайчууддаа дэлгэр зуны энэ өдрийн мэнд хүргэе. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан хуулийн хүрээнд болж өнгөрлөө. Хуралдаанаар хэлэлцэх ёстой 3 асуудал буюу нэгдүгээрт 2016 оны төсвийн гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, хоёрдугаарт 2017 оны төсвийн тодотгол батлах, гуравдугаарт аймгийн газар тариалангийн бүс нутгийн хилийн зааг, байршил, талбайн хэмжээ тогтоох асуудлыг хэлэлцэн баталсан. Хуралдаанд аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдээс гадна бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар дээрх асуудлуудтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж идэвх санаачилгатай оролцлоо. Уг хуралдаанд МАН, МАХН болон бие даагч төлөөлөгчид оролцсон, харин АН-ын төлөөлөгчид бүгд ирсэнгүй. Би үүнд харамсаж байгаа. Үүнд сонгогч түмэн өөрсдөө дүгнэлт хийж байгаа байх.
-АН-ын төлөөлөгчид ямар шалтгааны улмаас оролцсонгүй вэ. ИТХ-ын даргын хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч гэдэг нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гол цөмийг бүрдүүлж нийт иргэдийг төлөөлж байдаг. Мөн ИТХ-д оролцож тухайн орон нутаг, сум, багийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг аймгийн бодлого шийдвэрт тусгуулж, сонгогчдынхоо эрх ашигт нийцүүлэн батлалцах ёстой хүмүүс. Сүүлийн үед ИТХ-ын үйл ажиллагаанд зарим Төлөөлөгчид маань оролцохгүй байх, тухайлбал АН-ын удирдлагууд ИТХ-ын Хуралдаанд оролцохоор ирсэн Төлөөлөгчдөө оролцуулахгүй авч явах, тэднийг дарамтлах, шантаажлах зэрэг асуудлууд гаргаж байна. Ганц, хоёр бүлэглэл, хувь хүний, аж ахуй нэгж, компани, тэдний ашиг сонирхол, албан тушаалын төлөө ажиллахыг шаардаж, шантаажилдаг асуудал байж болохгүй. Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанд АН-ын 5 төлөөлөгч оролцохоор хурлын танхимын үүдэнд ирсэн хэдий ч намынхаа удирдлагуудын дарамт шахалтын улмаас оролцолгүй буцлаа. Говь-Алтай аймгийнхаа хөгжлийн хурдыг нэмэгдүүлье гэвэл бид эв нэгдлийг дээдэлж, ард түмэндээ төрийн бодлогыг жигд хүргэх учиртай. Ард түмэн өөрсдийнхөө амьдралын төлөө чадлаараа зүтгэж байгаа. Тиймээс ард түмний сонголт, итгэл үнэмшлээр сонгогдон төлөөлөгч нь болсон хүмүүс эв нэгдэл, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралд тус нэмэр болох асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстой.
-Зарим Төлөөлөгч намынхаа дарамт шахалтын улмаас хуралдаанд оролцсонгүй. Ер нь төлөөлөгч хүний үүрэг хариуцлага, ёс зүй гэж бий. Хуралд оролцоогүй төлөөлөгч ямар нэгэн хариуцлага хүлээдэг үү?
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь иргэн, төр хоёрын гүүр болж, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэн ажиллах эрхэм үүрэгтэй. Төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллана гэдэг маш их үүрэг хариуцлагатай байдаг. Төрийн аль ч шатны байгууллага ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуулиа дээдлэх зарчим баримтлан ажиллах ёстой. Үүний адилаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас хуульд заасан хугацаанд хурлын тов болон холбогдох бусад материалуудыг Төлөөлөгчдөд бичгээр хүргүүлдэг. АН-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралд ороогүй явдалд Төлөөлөгчид бус намын удирдлагууд буруутай гэж би ойлгож байгаа. АН-ын Төлөөлөгчид ч хуралд оролцохгүй болсон шалтгаанаа тайлбарласан. Би ИТХ-д 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа учир аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж ямар байгууллага байдгийг хэн хүнээс илүүтэйгээр мэднэ. Тиймээс ч би шударга бус үйлдэлд байнга хариу өгч, шаардлагатай бол ард түмнийхээ дэмжлэгийг авч орон нутгийнхаа ажлыг хийнэ. Ард иргэдээ амгалан тайван, аливаа асуудалд дарамтгүй, төрийн хүнд сурталгүй байлгахын тулд бид чамгүй ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Эдгээр асуудалд эсрэг бодолтой, хэдхэн хүний эрх ашгийн үүднээс саад болох гэсэн, аль эсвэл нам эвслийн өнцгөөс хандаж буй асуудалд эрс шийдэмгий хатуу зогсож ажиллана, ард иргэд ч үүнийг хүлээж байгаа. ИТХ-ын даргын хувьд ард түмэнд ээлтэй төрийн үйлчилгээ, шударга байхыг ярьснаараа зарим хүмүүсийн ашиг сонирхолд саад болж байж магадгүй юм. Ер нь өнгөрсөн жилүүдэд улс орон нутгийн төсөв, бусад хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хэдэн төгрөгийн өртгөөр хийгдсэнийг аймаг даяараа мэдэж байгаа. Хэсэг бүлэг хүмүүс улсын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас зээл авсан хэдий ч одоог болтол төлөөгүй л байдалтай байна. Ийм асуудлыг ярихаар л улс төржин, асуудал болгон хүлээж авч болохгүй. Үүний цаана нийтийн эрх ашиг гэж бий. Хүний амьдрал баян, мэдээж орон нутагтай холбоотой бүхий л ажилд намын үзэл бодол гэхээс илүүтэйгээр нам, эвсэл харгалзагүйгээр ярьж хэлэлцэж байж шийдвэрлэх асуудлууд олон бий. Миний тухайд аливаад нугарахгүй, хугарахгүй, өөрийнхөө итгэл үнэмшлээр нийт Алтайчуудынхаа төлөө ажиллах болно.
-Одоо хоёулаа 4 дүгээр хуралдааны чухал асуудал болсон 2017 оны тодотголын талаар ярилцъя. Сумдын ОНХС-ийн хөрөнгө танагдсан байсан, ямар зарчмаар төсөв тодотгож, хэрхэн хуваарилсан бэ?
УИХ-ын шийдвэрээр энэ удаагийн тодотголоор ОНХС-ийн хөрөнгийг 1 тэрбум 500 сая төгрөг танасан. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас танагдсан бөгөөд бид хүндрэлтэй байгаа эдийн засгийг хэрхэн сайжруулах вэ, аймаг, орон нутагт байгаа төсвийн болон улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй авч явах вэ гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Тиймээс ч аль болох нийтийн эрх ашгийг эрхэмлэн олон нийтэд хүртээмжтэй байдлыг нь харгалзан үзэж төсвийн тодотголын хуваарилалт хийсэн.
-Тодотголын задаргааг харахад бүтээн байгуулалтын асуудалд дорвитой хөрөнгө оруулалт болохуйц санхүүжилт тавигдсан байсан?
Манай аймгийн санхүүгийн ажилтнуудын сахилга бат сайн байсан учир өнгөрсөн оны төсвийн давсан үлдэгдэл 800 сая төгрөг байсан. Үүнийг бид яг өнөөдөр шаардагдаж байгаа асуудал болон Алтай хот, Есөнбулаг сумын өнгө үзэмж, тохижилт, ард иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд хуваарилсан.  Мөн зарим сумдын багийн төвийн тохижилт, тог цахилгааны асуудлыг шийдэрлэхээр тодотгон хуваарилсан.
-Боловсролын салбарын удирдлага болон санхүүгийн ажилтан өнгөрсөн онд хариуцлагагүй ажилласан гэж та шүүмжилсэн. Энэ талаар тодруулъя?
2016 онд аймгийн Боловсролын салбарт хийгдэх нэлээд ажлуудын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг уг салбарын удирдлага, санхүүгийн ажилтны хариуцлагагүй байдлаас 1 сая 300 сая төгрөг буцааж татагдсан. Боловсролын сайдын багцаас олгогддог мөнгө учир салбараар нь дамждаг. Тэр мөнгөний талыг нь ч болов авч үлдэн нутагшуулах боломж бүрэн байсан. Ард түмний үр хүүхдийн боловсрол, соёлын төлөө хөөцөлдөлгөө, сэтгэл дутсан хэмээн манай төлөөлөгчид бүгд л шүүмжлэлтэй хандсан.
-Тэгвэл энэ салбарт тодотголоор 2017 оны санхүүжилт нь нэмэгдэв үү?
Энэ удаагийн тодотголоор боловсролын салбарт тийм ч их мөнгө төсөвлөгдөөгүй. Гэхдээ багш, боловсон хүчний хөгжилд тодорхой хэмжээний мөнгө тавигдсан. Бага мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулах нь чухал. Ер нь миний хувьд энэхүү ажилд томилогдсоноос хойш орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч болон албан газруудын төсөв зарцуулах эрх бүхий дарга нар, сумдын удирдлагуудад санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг үндсэн зарчмаа болгон ажиллахыг шаардсан. Энэ л зарчим дээр тулгуурлан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр энэ салбарт олон ажлууд хийгдэж байна. БСШУЯ-аас Говь-Алтай аймгийн боловсрол, соёлын байгууллагуудад 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
-Манай аймгийн нийт хүн амын дийлэнх хувь нь залуучууд байдаг, тиймээс ч залуусын аймаг гэж тодотгодог болов уу. Тэдэнд чиглэсэн олон ажлууд биеллээ олоход санхүү хөрөнгөөр хэр дэмжив?
Говь-Алтай аймгийн насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь залуус. Тиймээс тэдэнд чиглэсэн шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр, 2017 оны аймаг, орон нутгийн баримтлах бодлогод тусгасан. Тус ажлуудын нэг болох “Алтайн баялаг-Залуус” мөн ахмад малчдынхаа залуу халааг бэлдэх, тэднийг малч ухаанд сурган малжуулах хөтөлбөрүүд батлагдлаа. Залуусыг төрөлх нутагт нь аятай тухтай байлгах, ажлын байртай болгоход дээрх хөтөлбөрүүдийн зорилго оршиж байгаа. Малжуулах хөтөлбөрийн хүрээнд сум бүрээс 3 залуу малчныг малжуулан, ахмад малчдын арга туршлагыг таниулан солилцуулахаар төсөв санхүүг нь шийдвэрлэсэн.
-Ярилцлагынхаа төгсгөлд нийт хүн амд хамааралтай чухал салбар болох эрүүл мэндийн салбарын 2017 оны хөрөнгө оруулалт, ойрын хугацаанд хийгдэх томоохон ажлыг онцлон ярилцъя?
Эрүүл мэндийн салбарт чамгүй ажлууд улс даяар ч, орон нутгийн түвшинд ч хийгдэж байна. Онцлон ярьвал аймгийн 7 сумын ӨЭМТ-д түргэн тусламжийн автомашиныг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлэн унаажууллаа. Мөн сум бүрт эмнэлгийн тоног төхөөрөмжүүд олголоо. Түүнчлэн улс орон даяар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Алтайчууд” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан, 5 дугаар сарын 31-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг албан ёсоор хийлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2017 онд эхний ээлжинд 39-65 насны  хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Үүнтэй холбоотойгоор нээлтийн ажиллагааны үеэр ОНХС-аас 16,6 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөөд байна. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр энэ салбарт олон ажлууд хийгдэж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа, та бүхний хэрэгжүүлэхээр зэхэж буй олон ажлууд биеллээ олно гэдэгт итгэлтэй байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%