Монгол улсад анх удаа олон улсын стандартын шаардлагад нийцсэн, орчин үеийн шаардлага хангахуйц ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ буюу “Дархан авто буудал”-ыг Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж барилга байгууламжийг 2011 оны 9 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулсан. Тус авто буудал нь жилд 800,000 гаруй зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай бөгөөд 2015 онд онлайн бүртгэл тийз бичилтийн программ хангамжийн системийг нэвтрүүлж мобинэтийн шилэн интернэтийн хэрэглээг ашиглаж байна. аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийн дагуу Дархан авто буудлын үйлчилгээний хугацааг уртасгасан цагаар ажиллуулахаар болж өнөөдрөөс эхлэн 24 цагаар үйлчлэхээр болж нээлтээ хийлээ. Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 4-р сарын 13-ны өдрийн 70 дугаар тушаалыг үндэслэн 2011 онд ашиглалтад орсон авто тээврийн газар нь 6 жилийн дараа 24-н цагаар үйл ажиллагаагаа өргөжүүлж техникийн саатал цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болсон тохиолдолд тээвэрчид зорчигчдын тав тухтай байдлыг хангахаар боллоо. Шөнийн зорчигч тээврийн үйлчилгээг баталгаатай тээврийн хэрэгсэл, мэргэшсэн тээвэрлэгч жолооч нараар гүйцэтгүүлснээр хот хоорондын зам тээврийг осол гэмтлийн зөрчил багасч, үйлчилгээ баталгаатай болох давуу талтайг нээлтийн үеэр удирдлагууд онцолж байлаа. Ташрамд сонирхуулахад нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй бөгөөд такси, суудлын тэргийн цагийн хуваарьт өөрчлөлт орж 24 цагаар үйлчилгээ үзүүлэх юм байна.