Төв аймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтэс, Зуунмод сумын ЗДТГазар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Ахмадын холбоотой хамтран “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга хүчин төгөлдөр мөрдөж буй нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх, эв санааны зарчим дээр тулгуурласан нийгмийн даатгалын тогтолцоог олон давхаргад нийгмийн даатгалын тогтолцоонд шилжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод илтгэл тавилаа.
Мөн төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн танилцуулгыг хэлтсийн байцаагч нар хийлээ.
“Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэгт Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос: Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдан тэтгэврийн насыг 5 жилээр нэмэгдүүлэх, тэтгэврийн хэмжээ цалин хөлсний бодлоготой уялдахгүй байгаа болон нийгмийн даатгалын салбарыг бие даасан хараат бус бүтэцтэй болгох, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд талууд ижил тооны төлөөлөл ажиллуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр орж ирсэн хуулийн төслийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Аймгийн ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос: Хуулийн шинэчлэлийг дэмжиж байгаа бөгөөд нийгмийн даатгалын санг улсын төсвөөс салган бие даалгах, сангийн аривжуулах олон талт бодлого хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүх, гаалийн салбарын ажилчид, цэргийн албан хаагчдын тэтгэврийг цалингийн дунджийн 65-80 хүртэл хувиар тогтоон олгож байгаа нь шударга тэгш байдлын зарчмыг алдагдуулж байгаа бөгөөд нийт шимтгэл төлөгчдийг эрх тэгш цалингийн дунджийн 50-60 хувиар тэтгэврийг тогтоолгох зэрэг саналуудаар байр сууриа илэрхийллээ.
Төв аймгийн ахмадын холбоо: Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, хувийн тэтгэврийн даатгалыг хөгжүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг шинэчлэх, улс төрийн шийдвэрээр нийгмийн даатгалын санд дарамт ирэхээс хамгаалсан үйл ажиллагаа явуулах, шимтгэл төлсний хэрээр тэтгэврээ бодитой тогтоолгодог болох, олон жил яригдаж буй тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг асуудлаар холбооны байр сууриа илэрхийллээ.
“Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” хуулийн хэлэлцүүлэгт , 82 ажил олгогч, иргэд даатгуулагчид оролцсон бөгөөд хуулийн шинэчлэл нь ажил олгогч, иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан заалтуудаар шинэчлэгдэх нь зүйтэй бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн зүйл заалтуудыг дордуулахгүй тусгах, тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг асуудал дээр нэгдэн хэлэлцүүлгээс гарсан саналуудаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхээр нэгтгэн ажиллаа.