Дарханчууд энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэж байна. Баярын нэгдсэн арга хэмжээ Залуучуудын өмнөх Найрамдал талбайд 11.00 цагт байгууллагуудын парад жагсаалаар эхэлсэн юм. Дараа нь “Бид Дарханы ирээдүй” үлгэрчилсэн тоглолт болж үлгэрийн баатрууд хуран цугласан хүүхэд багачуудтай хамт зургаа авхуулж Хамгийн сайхан хот дууг 350 сурагч, Миний хэнз хурга дууг 200 хүүхэд дууллаа.
Мөн энэ үеэр Аймаг хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээн, арга хэмжээнд амжилттай оролцож бахдам амжилт гаргаж, үе тэнгийнхэн, сургууль анги хамт олондоо үлгэр дуурайлал болсон шилдэг тэргүүний сурагчид, багш нарыг шагнаж урамшуулсан юм. Улсын төрөлжсөн олимпиадын сэтгэх чадварын төрлөөр 2-р байр эзэлсэн 15-р сургуулийн 12-р ангийн сурагч Отгонбаатарын Энх-Амгалан, бэлтгэсэн багш Ц.Цэцэгсайхан, Улсын төрөлжсөн олимпиадын түүх нийгмийн хичээлийн төрлөөр 2-р байр эзэлсэн 9-р сургуулийн 12-р ангийн сурагч Нармандахын Дарамбал, бэлтгэсэн багш Б.Юмчинсүрэн, Улсын төрөлжсөн олимпиадын биологийн хичээлийн төрлөөр 3-р байр эзэлсэн, ОИ цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Оргилмаагийн Номин, бэлтгэсэн багш М.Алмагүл, Улсын төрөлжсөн олимпиадын хятад хэлний хичээлийн төрлөөр 3-р байр эзэлсэн Цайхун сургуулийн 12-р ангийн сурагч Дорждэрэмийн Лхагва-Эрдэнэ, бэлтгэсэн багш Жан Сицуй, Улсын төрөлжсөн олимпиадын мэдээлэл зүйн хичээлийн төрлөөр 1-р байр эзэлсэн ОИ цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Наранбаатарын Ууганбаяр, бэлтгэсэн багш Д.Оюунсүх, 2017 оны Улсын төрөлжсөн олимпиадын Физикийн төрлөөр 3-р байр эзэлсэн Жигүүр цогцолбор сургуулийн багш Баянмөнхийн Жавхлан нарыг шагнаж урамшууллаа.
Аймаг хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээн, арга хэмжээнд Урлаг соёлын бахдам амжилт гаргасан аймгийн шилдэг тэргүүний 26-н авьяаслаг, сурагчидаа ч мөн шагнасан юм. Олон улсын чанартай уралдаан тэмцээн, арга хэмжээнд Спортын бахдам амжилт гаргасан аймгийн шилдэг тэргүүний 73-н тамирчин хүүхэд багачуудыг шагналаа. Түүнчлэн нийт хүүхэд багачууддаа төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-ууд өөрсдийн бэлгийг гардуулсанаар нэгдсэн нээлтийн арга хэмжээ өндөрлөсөн юм.