Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан баг”-ийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж, чадваржуулах сургалт Төв аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.
Энэхүү “Нэгдсэн сургалт” нь орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад аймгийн зохицуулах зөвлөлөөс нэгдсэн бодлого, чиглэлээр хангах, сумын түвшинд ажиллаж буй “Хамтарсан баг”-ийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, гишүүдийг чадавхжуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. Сургалтад “Хамтарсан баг”-ийн гишүүд болох Төв аймгийн 27 сумын 200 гаруй хүмүүс хамрагдаж байна.
Аймгийн хэмжээнд 2015-2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 672 бүртгэгдсэнээс 2015 онд 47, 2016 онд 40, 2017 оны 4 дүгээр сарын байдлаар 13 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Үүнээс дүгнэн үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өсөх хандлагатай байгааг харуулж байна. Иймд цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, сумын зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутагтаа идэвх, санаачилгатай ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумдын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.