Сургалтын үйл ажиллагаанд Төв аймгийн ОБГ-ын дарга хурандаа Н.Төмөрбаатар оролцож сумдын удирдах бүрэлдэхүүн болон, сумын ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгаж арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
“Яаралтай цуглар” дохиогоор Өндөрширээт сумын 66 хүнтэй ерөнхий мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цугларч газар хөдлөлтийн гамшгийн үед аврах бүлэг хүн ам олноор суурьшсан бүсэд авран хамгаалах, яаралтай анхны тусламж үзүүлэх, гал түймэр гарсан үед галыг унтраах, нүүлгэн шилжүүлэх болон мал хамгаалах бүлэг малын өвчлөл гарсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өвчилсөн малыг эмчлэх, устгах халдаргүйжүүлэлт хийх дадлага сургалт хийжээ. Мөн хүний гоц халварт өвчин гарсан үед сумын эрүүл мэндийн төв хорио цээр тогтоох,өвчтөнг тусгаарлах эмчлэх болон сумын эрүүл мэндийн төвийн хээрийн дэлгэх үйл ажиллагааг тус тус үзүүлсэн байна.
Тус суманд аюулт үзэгдэл, ослын төрөл бүрд урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах талаар онол, практикийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.